Өвлийн улиралд машинаа халаахдаа анхаарах зүйлс
Жолооч нар өвөл машинаа халаахдаа үндсэн 4 алдааг гаргадаг байна. Автомашины мэргэжилтний үзэж байгаагаар машинаа буруу халаах нь машиныг эвдрэлд хүргэх магадлалтай гэнэ. Ингээд “За рулём” сэтгүүлийн мэргэжилтнүүдийн энэ тал дээр өгч буй зөвлөгөөг хүргэж байна.
- Хүйтний улиралд автомашиныг буруу халааснаар аккумлятор муудах магадлалтай. Тиймээс эхлээд аккумлятораа түргэн хугацаанд халаах нь зүйтэй. Үүний тулд багахан хугацааны туршид хөгжим эсвэл холын гэрэл гэх мэт цахилгаанаар ажилладаг төхөөрөмжийг асаах хэрэгтэй.
- Хэрвээ таны аккумлятор хуучин бол шөнөдөө салгаад дулаан газар оруулсан нь хамгийн зөв арга байх болно. Үүнээс гадна орой машинаа сайн халаасан тохиолдолд нэг шөнийн хүйтнийг аккумлятор дааж чадна. Гэхдээ энэ үедээ цан хайлуулагч болон бусад цахилгаанаар ажилладаг төхөөрөмжийг асаалттай орхих хэрэггүй.
- Харин асахгүй байгаа аккумляторыг холбогчийн тусламжтай асааж болох бөгөөд хэрвээ холбох машин байхгүй бол механик машины хувьд түрж асааж болно.
- Өвлийн улиралд очлуур дээр тортог тогтсоноос болж хөдөлгүүрт доголдол үүсэх магадлалтай. Энэ тохиолдолд сэвчээгээ салгаж аваад халаагаад буцаагаад хийх нь хамгийн зөв арга юм.
- Өвлийн улиралд машин асаахад өтгөрсөн тос саад болдог бөгөөд ялангуяа удаан хугацааны туршид солиогүй бол асуудалтай.
- Хагас дараад хөдөлгүүр асахгүй байвал 10-аас илүү секунд стартерыг ажиллуулах хэрэггүй хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. 3-4 удаа оролдлого хийсний дараа стартерийг нэг минутын турш амрааж дахин асаах оролдлого хийх нь зүйтэй.
- Хэрвээ та механик автомашинтай бол стартерийг конс гишгэсэн байдалтайгаар асаах бөгөөд хөдөлгүүр ассан ч хоёр гурван минутын турш консыг гишгэж байх хэрэгтэй. Энэ нь машины хүч дамжуулах эд ангийн эвдрэлээс хамгаална.
- Хэдийгээр орчин үеийн автомашин үйлдвэрлэгчид машиныг халаах хэрэггүй хэмээн үзэж байгаа ч туршлагатай мэргэжилтнүүд дор хаяж хөдөлгүүрийн эргэлтийн хурд хэвийн хэмжээнд хүртэл буурахыг хүлээж дараа нь хаазлах хэрэгтэй хэмээн үзэж байгаа гэнэ.
- Юуны түрүүнд, машины салхины шил дээр тогтсон цан, мөсийг арилгахдаа халуун ус асгах нь маш аюултай гэнэ. Урд шилэн дээр асгасан халуун ус нь “температурын шок” үүсгэх магадлалтай бөгөөд шил хагарах аюултай. Үүнээс гадна хөлдөлтийн эсрэг тусгай шингэн ч цацах хэрэггүй. Энэ нь шилэн дээрхи мөсөн бүрхүүлийг илүү нэмэх болно.
- Мөн шилэн дээрх цас, цан дөнгөж хайлж эхлэх үед шил арчигчийг ажилууллах гэж яарах хэрэггүй. Зөөлөн резин хатуу мөсийг цэвэрлэж чадахгүй шүү дээ.
- Ерөнхийдөө өвөл хөдөлгүүрээ асаах үедээ шил арчигчаа ажиллуулах хэрэггүй гэнэ. Учир нь шил арчигч цонхон дээр наалдаж асуудал үүсгэх магадлалтай аж.